Сайн байцгаана уу, Та бүхний энэ өдрийн амгаланг эрэн мэндчилье.
Айтүүлс ХК-ийн хамт олон бид нийт хувьцаа эзэмшигч та бүхэндээ 2024 онд хийж гүйцэтгэсэн ажлууд болон тэдгээрийн үр дүнг танилцуулахаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа зохион байгуулж байгаадаа баяртай байна.
Манай компанийн сүүлийн жилүүдэд үйл ажиллагаандаа олон улсын ISO 9001:2015, ISO/IEC 27001:2013 стандартуудыг хэвшүүлэн ажилласнаар дата төвийн найдвартай ажиллагааг хангаж, 2024 онд дата төвийн тасралтгүй үйл ажиллагааны хувь 99,997%, тэр дундаа мөн оны 2-р хагас жилд 100%-ийн тасалдалгүй үзүүлэлттэйгээр ажиллалаа.
Ингэснээр дата төвийн үйлчилгээ авч буй харилцагчдын итгэл нэмэгдэж, шинэ хэрэглэгчдийн тоо нэмэгдэн, нэг хэрэглэгчийн Айтүүлс ХК-аас авах үйлчилгээний дундаж тоо 4.53 болж өссөн байна. Мөн сүлжээний шинэ зохион байгуулалтыг хийн, дэлхий нийтийн технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн бүх төрлийн хостинг үйлчилгээний системийг сайжруулан, үйлчилгээний хурдыг нэмэгдүүлж, AI буюу хиймэл оюун ухаанд суурилсан нэмэлт функц бүхий домэйн нэр, и-мэйл, вэб хостингийн боломжуудаар бүтээгдэхүүн үйлчилгээний чанарын сайжруулалтыг хийлээ.
Айтүүлс ХК нь 2024 онд нийт 4,453.3 сая төгрөгийн борлуулалтын орлогыг цуглуулсан ба үүний дотор домэйн нэрийн үйлчилгээний борлуулалтын орлого 17.9%-иар, Клауд үйлчилгээ 50.0%, Техникийн дэмжлэгийн буюу мэргэжсэн систем админы үйлчилгээ 9.9%, Нэмэлт үйлчилгээ 37.0%, Microsoft 365 үйлчилгээний орлого 96.7%-ийн гэх мэтээр өмнөх оны борлуулалтын дүнтэй харьцуулахад өсөлттэй байсан нь нийт борлуулалтын орлогыг өмнөх оноос 13.3 хувиар нэмэгдэхэд нөлөөлжээ. Мөн компанийн цэвэр ашгийн хэмжээ 452.4 сая төгрөгт хүрч цэвэр ашгийн 26.5% буюу нэгж хувьцаанд 3.5 төгрөг, нийт 120.6 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ноогдол ашиг хэлбэрээр хуваарилах шийдвэрийг Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргалаа.
2025 онд бид цахим орчны мэдээллийн аюулгүй байдалд онцгой анхаарал тавьж, харилцагчид, хамтран ажиллагчиддаа мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандартын талаар сургалт явуулах, зөвлөгөө өгөх, аудит болон холбогдох үнэлгээ шалгалтыг хийх ажлуудыг төлөвлөсөн ба эдгээр ажлын эхлэл болгон дэлхийн шилдэг бүтээгдэхүүний нэг болох Bitdefender хамгаалалтын нэгдсэн системийг зах зээлд борлуулж эхэллээ.
Цаашид кибер аюулгүй байдал нь дата төвүүдийн гол анхаарах асуудал болох бөгөөд бид аюулгүй байдлын шинэ технологиудыг нэвтрүүлж, аюул заналыг урьдчилан илрүүлэх, хамгаалах арга хэмжээг байнга хэрэгжүүлж, дижитал орчны үнэ цэнийг хүчирхэгжүүлэх найдвартай суурь болох эрхэм зорилгыг тавин ажиллаж байна.
Та бүхэн 2025 оны 4-р сарын 25-ны өдрийн 10 цагт Континентал ЗБ-ын хурлын өрөөнд зохион байгуулагдах Айтүүлс ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд хүрэлцэн ирж, компанийн үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.
Та бүхнийг хүндэтгэсэн,
Гүйцэтгэх захирал Чимэдхишигийн Мөнхжаргал
Айтүүлс ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын материал 2025 оны 4 сарын 25