Өнөөгийн нийгэмд мэдээллийн технологийн (IT) салбар нь хурдацтай хөгжиж, бизнесийн үйл ажиллагаа, өдөр тутмын амьдралд чухал үүрэг гүйцэтгэж байна. Монголын IT салбарын хөгжил, хүний нөөцийн хэрэгцээ шаардлагыг харгалзан үзвэл, системийн администраторуудаас дараах ур чадвар, мэргэжлийн чиг хандлагыг шаардаж байна.
- Сүлжээний удирдлага
Сүлжээний удирдлага, тохиргоо нь системийн администраторын үндсэн ур чадваруудын нэг юм. IP хаяг, DNS, DHCP зэрэг сүлжээний үндсэн ойлголтууд VLAN, VPN, Cisco, pfsense зэрэг дэвшилтэт сүлжээний технологиудыг мэддэг байх нь сүлжээний асуудлыг шийдвэрлэх, сүлжээний аюулгүй байдлыг хангахад тусална. Мөн тухайн ажил олгогч байгууллагын үйл ажиллагаанаас хамааран системийн удирдлага болох Linux, Windows, Ubuntu үйлдлийн систем Active Directory, Vmware Virtual зэрэг суурь ойлголттой байх нь чухал юм.
- Үүлэн технологи
Үүлэн технологи нь өнөөгийн бизнесийн үйл ажиллагаанд өргөн хэрэглэгдэж байна. Amazon Web Services (AWS), Microsoft Azure, Google Cloud зэрэг үүлэн үйлчилгээний платформуудыг ашиглах чадвар нь зайлшгүй шаардлагатай бөгөөд Docker, Kubernetes мэдлэгтэй байх нь нэмэлт давуу талыг олгоно. Үүлэн технологи нь өгөгдлийн хадгалалт, программ хангамжийн хөгжүүлэлт, бизнесийн тасралтгүй ажиллагааг хангахад үр нөлөөтэй байдаг.
- Программчлалын ур чадвар
Программчлалын хэлний мэдлэг нь үндсэн ур чадвараас гадна ажлын байран дээрх өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай чухал ур чадварын нэг. Тиймээс Python, Bash, PowerShell зэрэг программчлалын хэлнүүдийг эзэмшсэн байх нь ажил олгогчдын шаардлагад нийцэхэд туслаад зогсохгүй автоматжуулалт, скрипт бичих, системийн засвар үйлчилгээ хийх зэрэг олон төрлийн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай байдаг.
- Аюулгүй байдал
Энэхүү эрчимтэй хөгжөөд зогсохгүй бараг л өргөн хэрэглээ болоод байгаа мэдээллийн технологийн талбарт бид аюулгүй байдлаа хангах нь нэн тэргүүний асуудал тул Системийн администраторууд кибер аюулгүй байдлын үндсэн зарчмуудыг мэддэг, мэдээллийн системийг хамгаалах аргачлалуудыг эзэмшсэн байх шаардлага тулгарч байна. Энэ нь байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хакерын халдлагаас урьдчилан сэргийлэх зорилготой нийцэж байна.
- Төсөл удирдлага
Тодорхой байгууллагад тогтвор суурьшилтай ажиллахад ямарваа нэгэн хөгжүүлэлтийн баг, хамт олонтой хамтран сайжруулалт, дэвшилт хийн ажиллах шаардлага үүсдэг тул төсөл удирдлагын ур чадвар эзэмшсэн байх нь давуу тал болох боломжтой. Agile, Scrum зэрэг төсөл удирдлагын аргачлалуудыг мэддэг байх нь төслийн амжилттай хэрэгжилтийг хангахад тусална. Мөн төсөл удирдлага нь багийн гишүүдийн хамтын ажиллагааг сайжруулах, төслийн хугацаа, зардлыг хянахад чухал үүрэгтэй.
- Харилцааны ур чадвар
Системийн администратор зөвхөн техникийн ур чадвартай байхаас гадна харилцааны ур чадвартай байх нь чухал. Багийн гишүүдтэйгээ үр дүнтэй харилцах, асуудлыг тодорхой тайлбарлах, хэрэглэгчидтэй харилцах чадвар нь ажилтны амжилтад багагүй нөлөөтэй байдаг.
- Тасралтгүй суралцах чадвар
Мэдээллийн технологийн салбар нь байнга өөрчлөгдөж, шинэ технологиуд гарч ирдэг тул системийн администратор тасралтгүй суралцах чадвартай байх шаардлагатай. Шинэ технологи, аргачлалуудыг хурдан суралцаж, ажилдаа хэрэгжүүлэх чадвар нь ажилтны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.
Эцэст нь, системийн администраторын үүрэг нь зөвхөн техникийн ур чадвараар хязгаарлагдахгүй, харилцааны ур чадвар, багийн ажиллагаа, төсөл удирдлага зэрэг олон талт чадваруудыг шаарддаг. Иймд, системийн администраторууд өөрсдийгөө байнга хөгжүүлж, шинэ мэдлэг, ур чадваруудыг эзэмшиж, байгууллагынхаа амжилтад хувь нэмэр оруулах нь чухал юм.