Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэлДата төвийн стандарт

Дата төвийн стандарт

Блог

21 -р зууны газрын тос бол ДАТА. Тэгвэл бидний хамгийн үнэт баялаг болсон ДАТА -г хадгалж, хамгаалж, түгээж буй Дата төвүүдэд ямар стандарт мөрдөгдөж ажилладаг вэ?

Өмнөх нийтлэлд дурдсанчлан ДАТА ТӨВ бол нэг үгээр ДЭД БҮТЭЦ. Тэр дундаа дата төвийн хувьд цахилгаан хангамж, хөргөлт, орчны аюулгүй байдлыг хамгийн нэн тэргүүнд чухалчлан авч үздэг. Дата төвийн дэд бүтцийн шаардлагын хүрээнд мөрдөгддөг хэд хэдэн стандарт байдаг. Зарим байгууллага, улс орнууд өөрсдийн дотоод стандартыг дата төвүүд дээрээ мөрддөг ч дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, албан ёсны баталгаажуулалт олгодог үндсэн 3 стандарт байна.

  1. Uptime Institute’s Tier Standard

Uptime Institute нь 25 дахь жилдээ дата төвийн стандартыг баталгаажуулж байгаа ба дэлхий дээр хамгийн олон дата төвийг буюу нийт 110 оронд өнөөдрийн байдлаар 2500 гаруй дата төвийн стандартыг баталгаажуулсан байгууллага юм. Салбарын томоохон тоглогчид болох facebook, Amazon зэрэг байгууллагууд өөрсдийн дата төвийг байгуулахдаа тус стандартыг дагаж мөрддөг.  Энэхүү стандарт нь Design (Зураг төсөл)  Construction ( байгууламж), Operational ( үйл ажиллагаа) гэсэн үндсэн 3 төрөлд TIER 1, TIER 2, TIER 3, TIER 4 гэсэн 4 түвшинд  баталгаажуулалт хийж certificate олгодог стандарт юм.

TIER 1 DATACENTER :

1-р түвшний дата төв нь өөрсдийн мэдээллийн технологийн тоног төхөөрөмжүүдийн ( IT load ) – бүрэн ачааллыг хангах эрчим хүч, хөргөлтийн хүчин чадалтай, тэдгээр цахилгааны тоног төхөөрөмж, хөргөлтийн шийдэл нь ямар нэгэн нөөцгүй, дангаар ажилладаг зохион байгуулалттай дата төвүүд байдаг. Энэ төрлийн дата төвд аливаа засвар үйлчилгээ, яаралтай засварын ажлын үед тохиолдолд тухайн дата төвийн үйл ажиллагаа бүрэн зогсох шаардлагатай болдог.

TIER 1 түвшний дата төвд тавигдах ерөнхий шаардлага :

  • Цахилгаан хэт хэлбэлзэл, тасалдлын үед ашиглагдах тог баригч төхөөрөмж ( UPS )
  • Мэдээллийн технологийн тоног төхөөрөмж (IT systems) байрлах тусгай зай, талбайг бэлтгэсэн
  • Генератортай
  • Хөргөлтийн төхөөрөмжтэй

Тоног төхөөрөмжүүдийн нөөц байдаггүй тул TIER 1 түвшний дата төвийн жилийн бодит тасалдал 28.8 цаг байхыг хүлээн зөвшөөрдөг. Энэ нь жилийн найдвартай ажиллагаа 99.671% гэсэн үг юм.

TIER 2 DATACENTER :

2-р түвшний дата төв нь 1-р түвшний дата төвийн бүх шаардлагуудыг хангасан байх шаардлагатай бөгөөд нэмэлтээр уг түвшний дата төв дээр нөөц тоног төхөөрөмжүүдийн шаардлага нэмэгддэг.

  • Нөөц генератортaй байх
  • Нөөц хөргөлтийн төхөөрөмж
  • Energy storage
  • Тусгай зориулалтын өргөгдсөн шал
  • UPS модулиуд
  • Дизель генераторын шатaхуун нөөцлөх тусгай зориулалтын сав

Хэдий 2 -р түвшний дата төв нь нөөц генератор, нөөц хөргөлтийн төхөөрөмжтэй байдаг ч цахилгааны үндсэн шугам болон хөргөлтийг түгээх шугам нь дан шийдэлтэй байдаг тул эрсдэл өндөр хэмээн үзэн жилийн бодит тасалдал 22 цаг буюу жилийн найдвартай ажиллагаа 99.741% байдаг.

TIER 3 DATACENTER :

3-р түвшний дата төв нь цахилгаан хангамжийн тоног төхөөрөмж болон хөргөлтийн төхөөрөмжүүд нөөцтэй байх шаардлагатай болдог ба 1 болон 2-р түвшний дата төвүүдээс ялгаатай нь аливаа засвар үйлчилгээ болон тоног төхөөрөмжийг  солих үед дата төв бүрэн унтрах шаардлагагүйгээр тухайн ажлуудыг хийх боломжтой байдаг. Энэ түвшний дата төвийн байгууламж нь 2-р түвшний Дата  төвд шаардагддаг бүх бүрэлдэхүүн хэсгүүд, шаардлагыг хангасан байх шаардлагатай ба нэмээд эдгээр байгууламжууд дээр N+1 шаардлага нэмэгддэг. Уг ойлголтыг тайлбарлавал “N” гэдэг нь мэдээллийн технологийн тоног төхөөрөмжүүдийн ( ITload ) бүрэн ачааллыг хангахад шаардлагатай хүчин чадлыг хангах дэд бүтэц ба “+1” нь тухайн дэд бүтэц дээр нэмэлтээр нөөцөд ашиглаж байгаа тоног төхөөрөмжүүдтэй ижил хүчин чадал бүхий 1 ширхэг тоног төхөөрөмж байхыг шаарддаг гэсэн үг юм.

Тухайн түвшний дата төв дээр аливаа гэнэтийн цахилгааны хязгаарлалт, тасалдлын үед өөрийн нөөцөөр хамгийн багадаа 72 цаг үргэлжлүүлэн ажиллах шаардлагатай байдаг ба бодит тасалдал харьцангуй бага буюу жилийн бодит тасалдлын хүлээн зөвшөөрөгдсөн хэмжээ 1.6 цаг буюу найдвартай ажиллагаа 99.982% байдаг. Дашрамд дуулгахад Айтүүлс ХК – н ДАТА ТӨВ нь сүүлийн 3 жил дараалан TIER 3 түвшний uptime – тай ажилласан байна. Мөн дэлхийн шилдэг, Giant компаниудын дата төвүүдийн стандарт TIER3 болон түүнээс дээш түвшинтэй байхыг шаарддаг.

TIER 4 DATACENTER :

Уг түвшний дата төв нь дата төвийн хамгийн өндөр зэрэглэлийн дата төвүүд байдаг ба дэд бүтцийн шаардлагын хувьд 3-р түвшний дата төвийн дэд бүтцийн шаардлага дээр нэмэгдэж бүх тоног төхөөрөмжүүд нь тусдаа бие даасан, тусгаарлагдсан зохион байгуулалттай болж ирдэг.

  • Хос генератор, хос тог баригч төхөөрөмжийн систем, хос хөргөлтийн төхөөрөмжийн систем
  • Дээрх хос дэд бүтцийн системүүд нь бие даасан, аль нэг систем дээр асуудал гарахад нөгөөхдөө нөлөөлөхгүй, тусгай бие даасан дэд бүтцүүд байхыг шаарддаг
  • Аливаа гэнэтийн эрчим хүчний тасалдал, гэмтлийн үед өөрийн нөөц дэд бүтцээр хамгийн багадаа 96 цаг тасралтгүй ажиллах боломжтой байх.
  • Эрчим хүчний эх үүсвэр нь ямар нэгэн өөр гадны эх үүсвэртэй холбогддоггүй байх

Өөрөөр хэлбэл уг түвшний дата төв дээр “2N” болон “2N+1” архитектурыг ашигладаг.

  • 2N зохион байгуулалт гэдэг нь тухайн дата төвийг ажиллуулах дэд бүтцийн нөөц нь бие даасан 2 тусдаа систем болж ажиллах шаардлагатай ба аль нэг хэсэгт асуудал, тасалдал үүсэхэд нөгөө хэсгийн дэд бүтцийн систем ажиллана гэсэн үг юм
  • 2N+1 зохион байгуулалт нь 2N – тэй ижил мөн тусдаа бие даасан 2 дэд бүтцийн систем ажиллах ба аль нэг систем дээр асуудал үүсэхэд нөгөө хэсгийн дэд бүтэц мөн ажиллах ба хэрэв тухайн нөөцөөр ажилласан дэд бүтцийн тоног төхөөрөмж дээр асуудал гарлаа гэж үзэхэд нөөцөд нэмэлтээр 1 төхөөрөмж сэлгэж ажиллах боломжтой байх шаардлага юм.
  1. ANSI/TIA 942-A 2014 

TIA 942 буюу Дата төвийн харилцаа холбооны дэд бүтцийн стандарт нь мэдээллийн технологийн кабель, сүлжээний дэд бүтцийн холболтод илүү чиглэгдсэн бөгөөд Uptime institute -н TIER шатлалын стандартад суурилж гарсан учир мөн ижил 4 түвшинтэй, тоног төхөөрөмжүүдийн нөөц, найдвартай ажиллагааг хангахад чиглэсэн стандарт юм. 2014 он хүртэл Uptime institute -н адил дата төвүүдийг  Tier 1 – Tier 4 гэсэн шатлалаар баталгаажуулалт хийдэг байсан бол 2013 онд Uptime institute -с шаардлага тавьсантай холбоотойгоор Rated 1 – Rated 4 гэсэн нэршлээр дата төвүүдэд баталгаажуулалт олгодог болсон байна. Мөн Design ( зураг төслийн баримт бичгүүд стандартад нийцсэн эсэх ), Facilities ( дата төвийн байгууламж, дэд бүтцийн тоног төхөөрөмж зургийн дагуу, стандартыг хангаж байгуулагдсан эсэх ), Ready ( Тухайн зураг төслийн дагуу баригдсан байгууламж нь дэд бүтцийн нөөцийн хувьд зөв ажиллаж байгаа эсэх ) – гэсэн 3 төрлийн баталгаажуулалтыг хийдэг. Өнөөдрийн байдлаар дэлхий дээр “ANSI/TIA 942-A 2014” стандартын баталгаажуулалт хийгдсэн, гэрчилгээний хувьд хүчинтэй 252 дата төв үйл ажиллагаа явуулж байна.

ANSI/TIA 942-A 2014 стандартын ерөнхий шаардлага:

  1. ANSI/BICSI 002-2019 

Data Center Design and Implementation Best Practices – нэртэй энэхүү баримт бичиг нь тухайн дата төвийн байгууламжийн байршлыг сонгохоос эхлээд төлөвлөх, зураглал гаргах, ашиглалт оруулах бүхий л процессыг гарын авлага хэлбэрээр гаргасан, нийт 17 бүлэг бүхий стандарт юм. Уг баримт бичгийн хүрээнд BICSI – д бэлтгэгдсэн албан ёсны мэргэжилтнүүд мөн 0-4 ангиллаар дата төвүүдийг тодорхойлж баталгаажуулалт хийдэг.

ANSI/BICSI 002-2019 стандарт нь дараах үндсэн бүлгүүдэд дэд бүтцийн стандартыг тусгасан  байдаг:

Бүлэг 5 : Site Selection ( Байршлын сонголт )
Бүлэг 6: Space Planning ( Орон зайн төлөвлөлт )
Бүлэг 7: Architectural ( Архитектур )
Бүлэг 8: Structural ( Барилгын бүтэц )
Бүлэг 9: Electrical Systems ( Цахилгааны систем )
Бүлэг 10: Mechnical ( автоматжуулалт )
Бүлэг 11: Fire Protection ( Галын хамгаалалт )
Бүлэг 12: Security ( Аюулгүй байдал )
Бүлэг 13: Facility ( Байгууламж )
Бүлэг 14: Telecommunications Cabling, Infrastructure, Pathways and Spaces  ( Харилцаа холбооны кабелын суурилуулалт, дэд бүтэц, кабелын зам болон орон зай)
Бүлэг 15: Information Technology ( Мэдээллийн технологи )
Бүлэг 16: Commissioning ( Ашиглалтад оруулах үйл явц )
Бүлэг 17: Data Center Maintenance ( Дата төвийн засвар үйлчилгээ )

Дата төв дээр эдгээр дэд бүтцийн стандарт шаардлагууд байдаг бол мэргэжилтнүүдийн зүгээс  дата төвийн үйл ажиллагаанд мөрдөхийг зөвлөдөг хэд хэдэн үйл ажиллагаа, чанар, мэдээллийн аюулгүй байдлын стандартууд байдаг. Үүнд :

  • Uptime Institute: Operational Sustainability ( Үйл ажиллагааны тогтвортой байдлын стандарт. Уг стандарт нь TIER Түвшний дэд бүтцийн стандартаас тусдаа бие даасан стандарт байдаг )
  • ISO 9001 – Quality System ( Чанарын удирдлагын стандарт )
  • ISO 14001 – Environmental Management System ( Байгаль орчны удирдлагын стандарт )
  • ISO 27001 – Information Security ( Мэдээллийн аюулгүй байдлын стандарт )
  • PCI – Payment Card Industry Security Standard ( Төлбөрийн картын мэдээллийн аюулгүй байдлын стандарт )
  • AMS-IX – Amsterdam Internet Exchange – Data Centre Business Continuity Standard ( Дата төвийн бизнесийн тасралтгүй байдлын стандарт )

Монгол улсын хувьд 2021 онд “ Дата төвийн харилцаа холбооны болон бусад дэд бүтцийн шаардлага ” нэртэй “MNS  6528:2021” – г стандартыг баталж 2021.09.27 – ий өдрөөс эхлэн хүчинтэй мөрдөгдөж байна. Уг стандартад мөн дата төвийг Зэрэглэл 1 – Зэрэглэл 4 гэсэн ангиллаар ангилж тоног төхөөрөмж, дэд бүтэц, харилцаа холбооны шаардлагыг тусгасан байдаг.

Эдгээр стандартуудаас Айтүүлс ХК нь 2019 онд үйл ажиллагаандаа PCI DSS стандартыг нэвтрүүлэн, баталгаажуулалт хийгдсэн бол 2023 оны эхний улиралд багтан Чанарын удирдлага болон Мэдээллийн аюулгүй байдлын нэгдсэн удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Эцэст нь хэлэхэд та Qpay төлбөр тооцооны системээр ямар нэгэн төлбөр тооцоо хийж, news.mn, zarig.mn – с мэдээ уншиж, emart худалдааны төвөөр үйлчлүүлж хөнгөлөлтийн оноо цуглуулж, eclnic.mn – с цахимаар шинжилгээний хариугаа авч, trade.mn -с bitcoin, ardcoin худалдан авч, Social Pay application ашиглаж уян хатан зээлийн нөхцөлөөр бараа худалдан авч байсан бол та аль хэдийн АЙТҮҮЛС ХК – н дата төвийн үйлчилгээг авч байсан гэсэн үг юм.  Хэрэв та бизнесийн үйл ажиллагаагаа тэлж, Олон улсын стандартад нийцсэн, Мэдээллийн аюулгүй байдлыг эрхэмлэн ажилладаг дата төвийн үйлчилгээ болон Монголын анхны, цорын ганц үүлэн технологийн үйлчилгээг авч өөрийн бизнесийг дэлхийд хүргэхийг хүсвэл itools.mn болон cloud.mn – сайтуудаар зочилно уу.   

Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай