Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэлАйтүүлс ХК-ийн Хувьцаа эзэмшигч Та бүхнийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралдаа хүрэлцэн ирэхийг урьж байна.

Айтүүлс ХК-ийн Хувьцаа эзэмшигч Та бүхнийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралдаа хүрэлцэн ирэхийг урьж байна.

Мэдээлэл
,
Хувьцаа

Сайн байцгаана уу, Та бүхний энэ өдрийн амгаланг эрэн мэндчилье.

Айтүүлс ХК-ийн хамт олон бид жилээс жилд хурдацтайгаар дижиталчлагдаж буй нийгэм, эдийн засгийн орчин, түүнийг даган өсч буй харилцагчдийн хэрэгцээ шаардлага, зах зээлийн тэлэлтийг даган дата төвийнхөө зай талбай, дэд бүтэц, системийн хүчин чадлыг тасралтгүй өргөжүүлэн ажиллаж буй гэдгээ хувьцаа эзэмшигч Та бүхэндээ дуулгахад таатай байна.

2023 оны тухайд онцолж хэлэхэд, бид мэдээллийн аюулгүй байдлын нууцлал, бүрэн бүтэн, хүртээмжтэй байдлын хэрэгжилтийн хяналтыг компанийн нэгдсэн менежментийн тогтолцооны үйл явц, чанар, мэдээллийн аюулгүй байдлын зорилтын хэмжилт, удирдлагын дүн шинжилгээгээр хэрэгжүүлэх бодлогыг баримтлан үйл ажиллагаандаа Чанарын удирдлагын тогтолцооны ISO9001, Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO27001 стандартуудыг амжилттай хэрэгжүүлснээр урт хугацааны тогтвортой үйл ажиллагааг хангах нөхцөл бүрдлээ.

Айтүүлс ХК-ийн дата төв мөн онд үйл ажиллагааны хувьд олон улсын TIER II стандартад бүрэн нийцсэн, 7/24/365 цагийн горимоор 99.987%-ийн тасалдалгүй үзүүлэлттэй ажилласан ба оны эцсийн байдлаар 13,935 хэрэглэгч вэб байршуулах, сервер байршуулах, виртуал болон клауд сервер түрсээслэх, и-мэйл, домэйн нэр, хамгаалалтын нийт 18,774 идэвхтэй үйлчилгээг авч ашиглаж байна.

2023 онд бид дэд бүтцийн сайжруулалт, бүтээгдэхүүн үйлчилгээний шинэчлэлтэд зориулан нийт 456,7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж 3,9 тэрбум төгрөгийн үйлчилгээний орлогыг цуглуулан, нийт 238,7 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа.

Улмаар Айтүүлс ХК нь 2017 онд өмчийн хэлбэрээ өөрчлөн олон нийтэд нээлттэй хувьцаат компани болон ажилласнаас хойш анх удаа 2023 оны жилийн эцсийн цэвэр ашгийн 43% буюу 103,4 сая төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчиддээ ноогдол ашиг болгон хуваарилах тухай шийдвэрийг Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн №24/004 тоот тогтоолоор баталгаажууллаа.

Цаашид бид өөрийн компанийн давуу талуудыг тодорхойлон 365/24/7 техникийн тусламж үйлчилгээ, мэргэжлийн туршлагатай чадварлаг баг хамт олон, зах зээлд танигдсан, туршлагатай байдал болон бусад боломжуудыг үнэлэн хэрэглэгчдэд нэн шаардлагатай байгаа мэдээллийн технологийн цогц үйлчилгээг хэрэглэгчиддээ санал болгож Техникийн дэмжлэгийн үйлчилгээ, Мэргэжлийн систем администраторын үйлчилгээг зах зээлд танилцуулахаар ажиллаж байна.

Эцэст нь дижитал орчны үнэ цэнийг хүчирхэгжүүлэх бидний үйл ажиллагаа, бүтээн байгуулалтыг үргэлж дэмжиж байдаг хувьцаа эзэмшигчид, эрхэм түншүүд, харилцагч та бүхэндээ талархлаа илэрхийлье.

Компанийн зүгээс цаашид хувьцааны үнэ цэнийг нэмэгдүүлэх, хөрвөх чадварыг сайжруулах чиглэлээр шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр зорин ажиллах болно.

 

Та бүхнийг хүндэтгэсэн,

Гүйцэтгэх захирал

Чимэдхишигийн Мөнхжаргал

Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай