Захирлын мэндчилгээ
Сайн байна уу.
Айтүүлс компанийн вэб хуудсаар зочилж, бидэнтэй танилцаж байгаад тань гүнээ талархаж байна. Бид Монгол улсын мэдээллийн технологийн салбарын шинэ үеийн төлөөлөл, дата төвийн үйлчилгээ үзүүлэгч компани бөгөөд манай хувьцаа эзэмшигчид, харилцагч байгууллагууд болон хамт олны өмнөөс танд сайн сайхан бүхнийг ерөөж мэндчилье.
Бидний амьдарч ажиллаж буй энэ цаг үед бизнесийн байгууллагууд төдийгүй хувь хүмүүсийн хувьд хамгийн их өсөн нэмэгдэж байгаа хэрэглээ бол хэмжээлшгүй их мэдээлэл, өгөгдөл гэдэгтэй та бүхэн санал нэгдэх бизээ. Ийнхүү асар хурдтайгаар өсөн нэмэгдэж байгаа өгөгдөл мэдээллийг технологийн орчинд байршуулах, тасралтгүй ашиглах боломжийг олон улсын TIER II стандартад бүрэн нийцсэн, үйл ажиллагааны 99.99%-ийн тасалдалгүй үзүүлэлт бүхий Айтүүлс дата төв танд санал болгож үйлчилж байгаа бөгөөд өндөр ур чадвар туршлагатай, эрч хүчтэй залуусын хамт олон 7/24/365 горимоор үйлчилж, таны мэдээллийг найдвартай хадгалж хамгаалж байна.
Та бидний хэвийн амьдрал дараа үед шилжин дижиталчлагдаж , юмсын интернэт хэрэглээ өсөн, хүмүүсийн зураг, өгөгдөл мэдээллийн хэмжээ нь гар утас, компьютерын багтаамжаас хальж, клауд орчинд хувийн мэдээллийн сан түрээслэн ашигладаг боллоо. Төр, хувийн хэвшлийн байгууллагууд үйл ажиллагаагаа цахимжуулах, үйлчилгээнийхээ хүртээмж чанарыг нэмэгдүүлэх, хэрэглэгч үйлчлүүлэгчдэдээ хялбар энгийн болгохын тулд цахим хөгжлийн хурдасгуур болсон мэдээллийн технологийн дэвшлийг нэвтрүүлсээр байна.
Үүнтэй уялдан мэдээллийн технологийн тулгуур бүтэц болох дата төвийн үйл ажиллагаа ч өргөжин тэлж ирсэн бөгөөд цаашид ч тасралтгүй өсөн нэмэгдэх юм. Өнөөдөр дэлхийн 100 гаруй оронд 8000 гаруй дата төв ажиллаж, агуулж буй мэдээллийн багтаамж 60 зетабайт (1027) хүрсэн бөгөөд сүүлийн 15 жилд дэлхийн нийт дата төвийн агуулж байгаа мэдээллийн багтаамж 150 дахин өссөн. Ирэх 3 жилд өнөөгийн багтаамжаас хэдэн арав дахин их хүчин чадал шаардахаар тооцоологдож байна.
Энэхүү зах зээлийн тэлэлтийг угтан бид 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шинэ үеийн клауд шийдлийг хөгжүүлэхэд зориулсныг энэ дашрамд дурдахад таатай байна. Стратегийн уг шийдвэрийн үр дүнд манай өнөөгийн болон ирээдүйн харилцагчид, гарааны бизнес эрхлэгчид, технологийн дэвшлийг ашиглан зах зээл дээр хүчтэй хөгжиж буй санхүүгийн, боловсролын, эрүүл мэндийн, хэвлэл мэдээллийн, онлайн худалдааны салбарын томоохон төлөөлөл болсон компаниуд үндэсний клауд систем рүү шилжиж, бизнесээ хурдасгах боломж бүрдлээ.
Мөн бид энэ онд дата төвийнхөө зай талбай, системийн хүчин чадлыг өсгөн нэмэгдүүлж байгаа ба үйл ажиллагаандаа Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001, Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 27001 стандартуудыг хэрэгжүүлэн, урт хугацааны тогтвортой үйл ажиллагааг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Компанийн дунд хугацааны стратеги зорилтын хүрээнд Улаанбаатар болон Дархан хотуудад Tier III стандартыг хангасан дата төвийг байгуулан ашиглалтад оруулж, улс орны дотоодод төдийгүй олон улсын түвшинд үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр зорьж байгаа билээ.
Айтүүлс компанийн хамт олон бид хувьцаа эзэмшигчид, харилцагчид та бүхнийхээ итгэлийг улам бүр батжуулж, харилцан ашигтай түншлэл, хурдацтай өсөлттэй бизнесийг хамтдаа бүтээлцэхдээ баяртай байна.
Амжилт хүсье.
Гүйцэтгэх захирал
Чимэдхишигийн Мөнхжаргал