Инновацийн тухай хуулийн 17.1.11 дэх заалт, Засгийн газрын 2018 оны 49 дүгээр тогтоолоор батлагдсан “Үндэсний инновацийн шагнал олгох журам”-д тусгагдсанчилан Монгол хүний оюун ухаан, мэдлэг, авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлээр бүтсэн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд шинэ жишиг авчирч, олон улсын стандартад хүрч, улс орныхоо нүүр царай, өрсөлдөх чадварын нэрийн хуудас болж чадсан бүтээгдэхүүн, үйлчилгээнд “Үндэсний инновацийн шагнал” олгохоор болсон билээ.
Үндэсний инновацийн шагналын зорилго нь шинэ мэдлэг, технологийг зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон нэвтрүүлж, нийгэм, эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулсан шинийг санаачлагч, зохион бүтээгч, бизнес эрхлэгчийн үйл ажиллагаа, санаачлагыг дэмжих, олон нийтэд болон залуу үед үлгэр дууриал болгох, инновацийг хөгжүүлэхэд оршдог ба Үндэсний инновацийн шагнал нь “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн”, “Үйлчилгээний салбарын шилдэг инноваци” гэсэн төрөлтэй байхаар тогтоолд тусгагдсан байна.
“Үйлчилгээний салбарын шилдэг инноваци”-ийн анхны шагналыг шинэ мэдлэг технологийг зах зээлд нэвтрүүлж, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон амжилттай ажиллаж буй “Айтүүлс” ХК-д МУ-ын Ерөнхий сайд, Засгийн газрын 342 дугаар тогтоолын дагуу шагналыг гардуулан өглөө. Тус шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд компани болон хөрөнгө оруулагчдийн төлөөллөөр “Ай Си Ти Групп” ХХК-ийн захирал Г.Лхамсүрэн, Гүйцэтгэх захирал Б.Тамир, системийн ахлах администратор Ч.Гансүлд нар оролцлоо.
Үйлчилгээний салбарын шилдэг инноваци шагналд зах зээлд шинээр, эсхүл өмнө байсан үйлчилгээний хэлбэрээс чанар, технологийн агууламжийн хувьд давуу, төрийн үйлчилгээ, банк санхүү, харилцаа холбоо, мэдээллийн технологи, боловсрол, эрүүл мэнд, тээвэр, худалдаа, аялал жуулчлал зэрэг үйлчилгээний салбарууд болон дундын ашиглалтын оффис, технологи дамжуулах төв зэрэг инновацийг дэмжих үйлчилгээнүүд нэр дэвшүүлэгдсэн юм.
“Айтүүлс” компанийн мэдээллийн эх үүсвэрийн аюулгүй байдлыг найдвартай, хамгаалах үүрэгтэй “Дата төвийн бүтээгдэхүүн, үйлчилгээ”-нд шагналыг олгож, дурсгалын цом 30 сая төгрөгийн мөнгөн шагналыг дагалдууллаа.
Гүйцэтгэх захирал Б.Тамир хэлэхдээ энэхүү шагнал нь Айтүүлс компанийн дата төвд инноваци шингэсэн оюуны бүтээлүүдээ хадгалдаг, хамтран ажилладаг харилцагч, үйлчлүүлэгчид, өгөгдлийн үнэ цэнийг мэдэрч хөрөнгө оруулсан хувьцаа эзэмшигчид, 24/7 цагийн турш итгэл, сэтгэл, мэдлэгээ шингээн ажилладаг хамт олны минь олон жилийн хөдөлмөрийг үнэлсэн шагнал байлаа, та бүхэндээ маш их баярлалаа хэмээжээ.