Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэлХиймэл оюун ухааны дата төвд үзүүлэх нөлөө

Хиймэл оюун ухааны дата төвд үзүүлэх нөлөө

Блог

Хиймэл оюун ухаан буюу AI аль хэдийнээ бидний амьдралын нэгэн хэсэг болжээ. Open AI-н гаргасан ChatGPT гэхэд л нэгхэн шөнийн дотор хэдэн зуун сая хэрэглэгчтэй болсон нь AI моделиуд хаалттай ажилладаг байсан цаг нэгэнт ард хоцорсныг илтгэж байна.

Сүүлийн үед бүхий л салбарт үйл явцыг хөнгөвчлөх, үр дүнг сайжруулах AI функцийг нэвтрүүлэхээр эрэлхийлж байгаа. Дата төв нь энэхүү дижитал шилжилтэд AI программуудын ажиллах боломжийг хангах онцгой үүрэгтэй ба дагаад түүнээсээ ашиг тус хамгийн ихээр хүртэх салбаруудын нэг юм. Хиймэл оюун ухааныг хөгжүүлэх болон хэрэглэгчдэд хүргэхэд асар их хэмжээний тооцоолох хүчин чадал болон өгөгдөл хадгалах шаардлагатай.

Дата төвүүд технологид суурилсан ертөнцийн гол ноён нуруу болж уг шаардлагуудыг хангах чухал үүрэгтэй. Гэвч энэхүү хурдацтай өсөн нэмэгдэж буй эрэлт нь дата төвүүдийг AI-д суурилсан илүү үр дүнтэй, аюулгүй, үр ашиг өндөр шинэ технологи бүхий систем ашиглахыг шаардаж байгаа.

Тэгвэл энэхүү блогоороо бид AI дата төвийн салбарын ирээдүйг хэрхэн тодорхойлж байгаа талаар хүргэх юм. Ялангуяа AI ба автоматжуулалт хэрхэн дата төвүүдийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг нэмэгдүүлэн нөөцийн менежментийг сайжруулж буй талаар өгүүлнэ.

Дата төвийн үйл ажиллагаанд үзүүлэх нөлөө

AI болон машин сургалтын алгоритмууд нь өгөгдөлд суурилан зүй тогтлыг илрүүлэхдээ маш сайн. Ингэснээр тэд суралцсан зүйлсээ ашиглан өдөр тутмын олон үйл ажиллагааг автоматжуулж, оновчтой болгодог.

Сүүлийн жилүүдэд дата төвийн бизнес эрхлэгчид өдөр тутмын үйл ажиллагаагаа хялбаршуулах зорилгоор AI-г ашиглах болсон байна. Саяхан хийгдсэн судалгаагаар дата төвийн үйл ажиллагаа эрхлэгчдийн 57 хувь үйл ажиллагааны шийдвэр гаргалтад AI ашиглана гэж хариулсан нь өмнөх оныхоос 20 хувиар өсжээ. Тодруулбал, AI-г ашиглан дата төвийн хөргөлтийн системийн бодит сайжруулалтыг хийх боломжтой. Маш их хэмжээний тооцоолол хийхэд шаардагдаж буй хүчин чадал нь тэр хэмжээний халалтыг үүсгэдэг. Харин AI-г тоног төхөөрөмжийн хөргөлтийн системд ашигласнаар зардал хэмнэх болон эрчим хүчний үр ашгийг сайжруулах давуу талыг олгодог. Жишээ нь: Google AI-д суурилсан системийг нэвтрүүлснээр хөргөлтийн зардлыг 40%-иар бууруулсан байна.

AI нь мөн мэдээллийн технологийн дэд бүтцийн үр ашиггүй байдлыг бууруулах чадамжтай. Урьдчилсан тооцооллын тусламжтайгаар эрчим хүчний хуваарилалт болон rack буюу серверийн тавиуруудын байршил, дүүргэлтийг хамгийн зөвөөр зохион байгуулна. Үр дүнд нь үйл ажиллагааны зардал бууран эрчим хүчний хэрэглээний үр ашиг нэмэгдээд зогсохгүй өгөгдөлд суурилсан, илүү мэдээлэлтэй шийдвэр гаргалтыг хийх боломжийг үйл ажиллагаа эрхлэгчдэд олгож байгаа юм.

Дата төвийн нөөцийн менежментийг оновчтой болгох

Орчин үед дата төвүүд асар их ачаалалтай ажиллаж байна. ChatGPT-н жишээн дээр тулгуурлан AI-г сайжруулах болон хэрэглээнд нэвтрүүлэхэд 2028 он гэхэд 76 тэрбум ам.долларыг зарцуулна хэмээн тооцоолжээ. Уг дүн нь дэлхийн хамгийн том үүлэн (public cloud) үйлчилгээг нийлүүлэгч Amazon Web Services-н жилийн зардлаас 2 дахин их дүн юм.

Ажлын ачааллын удирдлагыг сайжруулах

Дата төвүүдэд ажлын ачаалал болон хуваарилалтыг сайжруулахын тулд AI-г аль хэдийнээ ашиглаад эхэлжээ. Энэхүү шийдэл нь техник хангамж, сүлжээг илүү үр ашигтай ашиглах, тасалдал үүсэхээс зайлсхийх, үйлчилгээг тогтмол өндөр түвшинд хүргэхэд тусална.

Бизнесийн тасралтгүй байдлыг хангах

Бид AI-н урьдчилсан тооцооллын тусламжтайгаар бизнесийнхээ тасралтгүй байдлыг хангах бүрэн боломжтой. AI алгоритм нь асуудлыг тохиохоос өмнө илрүүлж, тасалдлын хугацааг болон тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийх зардлыг эрс багасгана. McKinsey-н тооцоолсноор компаниуд AI-г ашиглан засвар үйлчилгээ болон тоног төхөөрөмжийн шинэчлэлтийг хийх зардлыг 25% хүртэл бууруулах боломжтой гэж үзжээ.

Хэрэглэгчийн туршлагыг сайжруулах

Ажлын ачааллыг хуваарилалтыг сайжруулна гэдэг нь дагаад үйлчилгээний чанар сайжирна гэсэн үг юм. AI-ы тооцоолол нь нөөцийг хамгийн зөвөөр хуваарилан, зардлыг бууруулан хэрэглэгчдэд хамгийн сайн туршлагыг бий болгоно. Хамгийн гол нь AI нь дата төвийн дэд бүтцийг боломжит дээд хүчин чадлаар нь ажиллуулж зөвхөн эцсийн хэрэглэгчдээр зогсохгүй үйлчилгээ үзүүлэгчдийн үр ашгийг нэмэгдүүлэх юм.

AI нь дата тавийн аюулгүй байдлыг сайжруулдаг

AI-г мөн дата төвийн аюулгүй байдлыг сайжруулахад ашиглах боломжтой юм. Кибер аюул байнга хувьсан өөрчлөгдөж байгаа тул уламжлалт аюулгүй байдлын системүүд шинэ аюул заналхийллийг сурах эсвэл хамгаалалтын үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлэхэд удаашралтай байдаг. AI ашиглах нь уг эрсдэлийг бууруулан дата төвүүдэд санаачилгыг гартаа авахад тусална.

Тодруулбал, AI-г ашигласнаар дараах байдлаар аюулгүй байдлыг сайжруулахад боломж үүснэ:

  • Сэжигтэй үйлдлийг илрүүлэх: AI-д суурилсан системээр сүлжээний урсгал, хандалтын бүртгэл, системийн үйлдлийг хянаснаар сэжигтэй үйлдлийг тодорхойлох тэдгээрийг асуудал үүсгэж эхлэхээс өмнө алдааг олж илрүүлэх боломжтой. Үүний тусламжтайгаар аюулгүй байдлыг хариуцсан багууд хохирол учруулахаас өмнө болзошгүй эрсдэлийг бууруулах арга хэмжээг авдаг байна.
  • Урьдчилан сэргийлэх арга хэмжээг түлхүү ашиглах: Уламжлалт аюулгүй байдлын арга хэмжээ нь асуудлаас сэргийлэх гэхээсээ илүү тулгарсны дараа засах үйлдлийг хийх төлөвтэй байдаг. AI шинжилгээ нь дата төвүүдэд болзошгүй аюул, эмзэг байдлыг урьдчилан таамаглах боломжийг олгодог бөгөөд халдагчид давуу талыг гартаа авахаас өмнө хамгаалалтын цоорхойг арилгадаг байна.
  • Өгөгдлийг хамгаалах: AI алгоритм, техникийг ашигласнаар дата төвүүд өгөгдөл боловсруулах, хадгалах, аюулгүй байдлыг сайжруулах боломжтой.

Дата төвийн ирээдүй

Ирээдүйд дата төвүүд үр ашигтай, үр нөлөөтэй үйлчилгээг үзүүлэхийн тулд асар хурдацтай өөрчлөгдөж буй технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах нь зайлшгүй шаардлага болоод байна. Жишээлбэл дэвшилтэт AI, квант тооцоолол болон бусад шинэ технологиуд нь дата төвийн ирээдүйг ямар байх шаардлагатайг тодорхойлж байна. Эдгээр хамгийн сүүлийн үеийн технологиуд нь бидэнд илүү үр ашигтай, ахисан түвшний боломжуудыг санал болгох юм. Өмнө дурдсанчлан маш их хэмжээний тооцоолол хийхийн тулд ажиллаж байгаа хүчтэй тоног төхөөрөмжүүдийг эвдрэл гэмтлээс хамгаалахаар шингэн хөргөлтийн системийг ашигладаг ба үүнтэй холбоотойгоор дата төвийн цахилгаан зарцуулалт 2030 он гэхэд 12%-иар өсөх төлөвтэй байна. AI-г дата төвд ашигласнаар үйлчилгээ үзүүлэгчдэд өөрчлөгдөж буй хэрэгцээнд нийцэн хөгжих, ирээдүйд хүлээгдэж буй өргөн цар хүрээ бүхий дижитал орчны гол тулгуур болох боломжийг олгох юм.

Дата төвийн AI: Хураангуй

Эцэст нь… AI нь үндсэндээ дата төвийн салбарыг асар хурдацтайгаар шинэчлэж байна.

  • AI урьдчилан тооцоолол нь байнгын үйл ажиллагааг автоматжуулах, нөөцийн удирдлагыг оновчтой болгохын зэрэгцээ шинээр гарч ирж буй аюулаас хамгаалах аюулгүй байдлын хамгаалалтыг сайжруулахад тусалдаг.
  • AI үүрэг нь нөөцийг удирдахад ч хамаатай. Засвар үйлчилгээ, ажлын ачааллын хуваарилалтын зардлыг ихээхэн хэмнэж, үйлчилгээний чанарыг сайжруулж, тасалдлаас хамгаалдаг.
  • Дата төвүүд нь AI болон шинээр гарч ирж буй технологиор ажиллах болно. Цаашид хөгжиж буй технологиуд нь дата төв дахь AI хэрэглээг улам бүр нэмэгдүүлнэ. AI-г шинэ технологитой хослуулснаар дата төвүүд ирээдүйн бизнесүүдэд шаардлагатай өндөр гүйцэтгэлтэй үүлэн үйлчилгээг үзүүлж чадна.
Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай