Хүн болгон зөөврийн компьютероо ашиглахдаа үргэлж батарейн цэнэгээ шалгаж, цэнэглэгчээ хайн, тэжээл батарейгаар эсвэл цэнэглэгчээр ажиллаж байгаа эсэхийг нягталж байдаг. Зөөврийн компьютерын хувьд идэвхтэй тэжээлийн эх үүсгүүр нь цэнэглэгчээр дамжих тэжээл, нөөц тэжээлийн эх үүсгүүр нь батарей гэж ойлгоход болно. Энэхүү ойлголт дата төвийн цахилгаан тэжээлд мөн ижил үйлчилнэ.
Зөөврийн компьютерын нэгэн адил дата төвийн эмзэг ачаалал гэж нэрлэгдэх IT тоног төхөөрөмжүүд цахилгаан тэжээлийн нэг ч тасалдалгүй байх ёстой ба энэхүү шаардлагад нийцэх дэд бүтэц үүсгэн тасалдалгүй ажиллах процесс том шалгуур болдог. Дата төвийн IT тоног төхөөрөмжүүд үйлдвэрээс найдвартай байдлыг хангах зорилгоор 2 талын тэжээлтэй, автомат шилжилттэй үйлдвэрлэгддэг ба дата төвд А болон В талын цахилгаан тэжээлийн загварчлал, эрчим хүчний дэд бүтэц шаардаг.
Дата төвийн эрчим хүчний уламжлалт шийдэлд ачааллаас хамааран нөөц тэжээлийн үүсгүүрт дизель генератор, генераторын механик онцлогоос хамааран чадлын багтаамж /энергийн багтаамж/, тасралтгүй процессыг хангах үүднээс UPS үл тасрах системийг сонгодог.
Дизель генераторын онцлог:
Нөөц тэжээлийн эх үүсгүүрийн уламжлалт шийдэл нь бүхий л дэд бүтцийн байгууламжид дизель генератораар шийдэж ирсэн. Дизель түлш нь тосорхог шинжтэй учир ууршилт бага, дүрэлзэх, тэсрэх магадлал бага, дизель хөдөлгүүрийн эргэлтийн зүтгэх хүч өндөр байдаг шинж чанарууд хүлээлгийн төлөвт нөөц үүсгүүрийн шаардлагад бүрэн нийцнэ. Дизель генератор нь чадал, төрлөөс хамааран үнэ тогтоогдох ба ачааллаас хамааран ашиг үйлийн коэффициент /АҮК/ 10% – 40% хооронд өөрчлөгддөг. Генераторын ачаалал бага байх тусам АҮК бага байдаг онцлогтой. Энд цахилгаан үүсгүүрийн төрлүүдийн хувьд 40% АҮК өндөрт тооцогддог болохыг дурдах хэрэгтэй.
Зураг 1. Дизель генераторын үүсгүүр.
Нөгөө талаас байгаль орчинд агаарын бохирдол үүсгэх, орчны бохирдол үүсгэдэг түлш хэрэглэдэг гэх сул талтай. Энэхүү сул тал нь дэлхий даяар тулгарч буй асуудлуудын нэг байсаар байна.
Дизель генератор сонгохдоо төрөл, хэрэглээ, үзүүлэлтүүдийг маш сайн анхаарч сонгох шаардлагатай байдаг. Ерөнхий төрлүүд нь Prime буюу тасралтгүй ажиллагаатай, Standby буюу хүлээлтийн горимд ажилладаг гэсэн хоёр төрөлтэй. Prime генераторын ачааллыг 70% – 100% ачаалалдаг, ур хугацаанд тасралтгүй ажиллахад зориулагдсан бол Standby генератор 100% ачаалалдаг бөгөөд богино хугацаанд өндөр чадал авахад зориулагдан үйлдвэрлэгддэгээр ялгаатай.
Үл тасрах систем /UPS/ :
Орчин үеийн бүх UPS үүд чадлын алдагдал бага, шугамын цахилгаан бохирдлыг арилган хүчдэлийг тогтворжуулж, чанаржуулдаг давуу талтай.
UPS – үүд статик, динамик гэх төрөлтэй. Статик UPS нь хүчний электроникт суурилан цахилгаан тасралтаас нөөц үүсгүүр асах хүртэлх хугацаанд чадлын багтаамж болох батарейд ачаалан тасралтгүй байдлыг хангадаг. Харин динамик UPS нь цахилгаан соронзон хөдөлгүүрт суурилан эргэлдэгч масст кинетик энергийг чадлын багтаамж болгон ашигладаг онцлогтой.
Практикт статик UPS буюу батарейд суурилах системийг түлхүү сонгодог бол ачааллын төрөл, шаардлагаас хамааран зэрэгцээ, давтан дамжуулах, хүчдэл тогтворжуулагчтай, ачаалал балансжуулагчтай гэх мэт олон төрөлтэй бөгөөд зэрэглэл /TIER Classification/, ачааллын шаардлагаас хамааран загварчлагдана.
Зураг 2. Практик статик UPS диаграмм
Дийлэнх тохиолдолд батарейг үнэ, ашиглалтаас хамааран хүчил суурьт батарейг түлхүү сонгодог. Тухайн шийдэл чадлын алдагдал бага давуу талтай. Харин хортой хаягдал үүсэх, байгаль орчинд хор хөнөөл учруулах эрсдэлтэй шийдэлд тооцогддог.
Статик UPS үүд практикт 85% – 95% АҮК – тай байдаг. Ашиглалт үйлчилгээ хялбар, суурилуулахад хялбар, зөөвөрлөхөд хүндрэлтэй бол батарей нь ашиглалтын хугацаа богино байдаг гэх онцлогтой.
Арми болон онцгой объектын хувьд динамик UPS сонгох тохиолдол их байдаг. Тухайн шийдэл нь компакт буюу нэг бүрдмэл төхөөрөмжөөр угсрагддаг, батарейн байгууламжийн том орон зайг нөхөж бага зай талбайд суурилагддаг, кинетик аккумляторын хувьд батарейгаас илүү урт насжилттай гэх давуу талуудтай бол чадлын алдагдал маш өндөр, үнэтэй бөгөөд их хэмжээний ачаалалд илүү тохиромжтой шийдэлд тооцогдоно.
Зураг 3. Динамик UPS механик тайлбар.
Динамик UPS уламжлалт буюу роторт /эргэлдэгч/ болон гибрид гэж ангилагдана. Уламжлалт динамик UPS – г маш өндөр ачааллыг богино хугацааны тасралтыг хангах зорилгоор ашигладаг ба үндсэн ачааллыг хангах шугамд хүлээлгийн төлөвөөр параллель байдлаар холбогдож ажиллана. Генератортай хамт бүрдмэл, салангид байдлаар байж болдог, чадлын реактор заавал суурилагддаг.
Гибрид динамик UPS хувьд кинетик аккумлятораас гадна өөр төрлийн чадлын багтаамжийн төхөөрөмж /батарей эсвэл ус төрөгч/ зэрэгцээ холбодгоороо онцлогтой, цахилгаан тасалдал өндөр, урт хугацаанд чадлыг барих шаардлагатай орчинд суурилагддаг. Мөн чадлын реактор ашигладаг.