21-р зуунд өгөгдөл буюу Дата нь дэлхийн хамгийн үнэ цэнтэй нөөц болон хувирчээ. Газрын тосыг боловсруулж байж ашигладаг шиг, датаг ч мөн цуглуулж, боловсруулахгүйгээр үнэтэй мэдээлэл болон хувирахгүй. Тэгвэл Дата гэж яг юу вэ? яагаад бидний амьдралд ингэтлээ чухал болчхов?
Дата нь мэдээллийн хамгийн жижиг нэгж буюу өгөгдөл гэсэн утгыг илэрхийлдэг. Datum буюу Өгөгдсөн гэдэг латин үгнээс гаралтай ба тодорхой зорилгоор цуглуулсан, боловсруулсан, хадгалсан аливаа мэдээлэл юм. Энэ нь текст, тоо, зураг, дуу, видео гэх мэт олон хэлбэртэй байж болно. Өөрөөр хэлбэл, бидний өдөр тутам хийж буй бүх үйлдэл – утсаар ярих, зураг авах, пост хийх, худалдан авалт хийх гэх мэт бүхэн л дата үүсгэж байдаг.
Дата ямар төрлүүдтэй вэ?
Датаг ерөнхийдөө хоёр үндсэн төрөлд хуваадаг:
- Бүтэцтэй дата (Structured Data) – Энэ нь өгөгдлийн сан, хүснэгт гэх мэт тодорхой бүтэцтэй, зохион байгуулалттай хэлбэрээр хадгалагдсан мэдээлэл юм. Жишээ нь, Excel-ийн хүснэгт, SQL өгөгдлийн сангийн мэдээлэл зэрэг орно.
- Бүтэцгүй дата (Unstructured Data) – Энэ нь тодорхой зохион байгуулалтгүй, олон янзын хэлбэртэй байж болох мэдээлэл юм. Жишээ нь, и-мэйл, сошиал медиа пост, зураг, видео, аудио зэрэг орно.
Та мэдэх үү? Дэлхий дээрх өгөгдлийн 80% нь бүтэцгүй байдаг гэсэн судалгаа байдаг.
Дата яагаад чухал вэ?
Одоо үед бүх зүйл data дээр тулгуурласан байдаг. Жишээ нь:
Интернэт ба Сошиал медиа: Facebook, TikTok, Instagram зэрэг платформууд таны лайк, коммент, үзсэн бичлэг бүрийг анализ хийж, танд тохирох контент, сурталчилгаа санал болгодог.
Эрүүл мэнд: Эмч нар болон эмнэлгийн байгууллагууд нь өвчтөнүүдийн түүхийг хадгалж, тухайн мэдээллийг ашиглан илүү сайн оношилгоо болон эмчилгээг боловсруулдаг.
Бизнес ба маркетинг: Компаниуд хэрэглэгчийн худалдан авалтын датаг судалж, ирээдүйн борлуулалт, зах зээлийн стратегиа боловсруулдаг.
Хиймэл оюун ухаан (AI) ба Машин сургалт (Machine Learning): AI болон ML технологиуд зөв ажиллахын тулд их хэмжээний, чанартай дата шаардлагатай. Машин сургалт нь энэ датан дээр суурилан алгоритмуудаа хөгжүүлдэг.
Та бодож үзсэн үү?
Дэлхий дээр өдөрт хэр их хэмжээний дата үүсдэг вэ?
2025 оны байдлаар дэлхий нийтээрээ өдөрт ойролцоогоор 463 эксабайт (EB) дата үүсгэж байна.
1 эксабайт = 1 тэрбум гегабайт (GB) 😲
Жишээ болгож харвал:
- YouTube-д минут тутамд 500+ цагийн бичлэг нэмэгддэг
- Facebook-д өдөрт 4+ тэрбум пост, лайк, коммент үүсдэг
- Gmail, WhatsApp, Messenger зэрэгт тэрбум гаруй зурвас солигддог
- Google нь секунд тутамд 100,000 гаруй хайлт хүлээн авдаг
Энэ дата хаанаас гарч байна вэ?
- 📱 Ухаалаг утас, аппликейшнүүд
- 🎥 Видео стрийминг платформууд (Netflix, YouTube)
- 🛒 Онлайн дэлгүүрүүд (Amazon, Alibaba)
- 💬 Сошиал медиа (TikTok, IG, FB)
- 🚗 Ухаалаг төхөөрөмжүүд, IoT (жолоочгүй машин, ухаалаг гэр орчин)
Тэгэхээр юу гэж?
Хэрвээ бид тэр датаг зөв цуглуулж, боловсруулж, ашиглаж чадвал:
- Шийдвэр гаргах илүү ухаалаг болно
- AI системүүд улам хүчтэй, оновчтой ажиллана
- Бизнесүүд хэрэглэгчээ илүү ойлгоно
- Хүмүүсийн амьдралын чанар дээшилнэ
Харин буруу ашиглавал? 😬 Хувийн нууц алдагдаж, хяналтгүй технологи биднийг удирдах эрсдэл бий..
Дата боловсруулах, хамгаалах нь
Датаг зөв зохион байгуулах, хамгаалах нь маш чухал. Учир нь датаны аюулгүй байдал алдагдвал хувийн мэдээлэл алдагдах, бизнесийн нууц задарч, хохирол учрах эрсдэлтэй. Тиймээс:
- Дата менежмент – Датаг зөв хадгалах, ангилах, боловсруулах систем хэрэглэх
- Нууцлал, аюулгүй байдал – Дата шифрлэх, аюулгүй байдлын протокол ашиглах
- Хууль, дүрэм журмыг дагах – Датаны хамгаалалттай холбоотой олон улсын болон дотоодын хууль, дүрмийг дагаж мөрдөх
Дүгнэлт
Дата нь бидний эрин үеийн хамгийн үнэ цэнтэй нөөц бөгөөд түүнийг хэрхэн цуглуулах, боловсруулах, ашиглах нь бидний амжилтад чухал нөлөө үзүүлнэ. Ирээдүйд дата дээр суурилсан технологи, хиймэл оюун ухаан улам хөгжиж, олон салбарт шинэчлэлт авчрах нь гарцаагүй. 😊
(Data is the new oil) – Clive Humby