Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэлБлокчэйн технологид суурилсан ХБ-ын платформыг бүтээлээ.

Блокчэйн технологид суурилсан ХБ-ын платформыг бүтээлээ.

Мэдээлэл

Itools компани өнгөрсөн онд Хөрөнгийн биржид хувьцаагаа гаргасан. АНУ-аас тус компанийн хувьцааг худалдан авах хүсэлт ирүүлжээ. Гэтэл одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд зааснаар Америк хөрөнгө оруулагч заавал Монгол руу нисэж ирэн, хувьцааны дансаа нээлгэн, худалдан авалтаа хийх ёстой.

Иймд Itоols-ийн дийлэнх хувьцааг эзэмшдэг ICT групп орон зайнаас үл хамааран хувьцааны арилжаанд оролцох боломжийг бүрдүүлэхийг зорьжээ. Тэд блокчэйнд суурилсан, цахим платформыг хоёр жилийн турш боловсруулан дуусгажээ. Австрали, Тайвань, Монгол инженерүүд хамтран платформыг хөгжүүлсэн талаар өчигдөр Эдийн засгийн чуулганы индрээс мэдээлэв.

ICT группийн гүйцэтгэх захирал Г.Лхамсүрэн, “Бид хөрөнгийн биржийн цогц платформ хийсэн. Хувьцааны данс нээлгэхэд 7-10 хоног зарцуулдаг. Харин бид хэдхэн секунд зарцуулах платформыг хөгжүүллээ. Хонконг, Австралийн хөрөнгийн биржид үзүүлж танилцуулсан. Систем бэлэн” гэсэн юм.

Сангийн яам Засгийн газрын үнэт цаасыг арилжааны банкууд болон Хөрөнгийн биржээрдамжуулан худалддаг. Харин Австралид цахимаар Засгийн газрын үнэт цаасыг (ЗГҮЦ) худалдаалахаар бэлтгэж байгаа аж. Иймд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ICT группийн цахим платформыг хэрэглэх нь хугацаа, цаг хэмнэх төдийгүй ЗГҮЦ-ны хүүг бууруулах давуу талтайг онцолсон юм. ЗГҮЦ-ыг худалдагч тал болох Сангийн яам Хөрөнгийн биржид, худалдан авсан иргэд, ААН-үүд брокер дилерийн компаниудад хураамж төлдөг. Цахимаар хувьцааны арилжаанд оролцвол эдгээр хураамжийг тэглэх боломжтой.

Интернет энэ системийг ашиглах дэд бүтэц буюу төмөр зам нь бол энэ замаар явах галт тэрэг нь бидний боловсруулсан систем гэж Г.Лхамсүрэн захирал тайлбарлав.

Дээрх системийг хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд Үнэт цаасны тухай хуульд “Цахим платформоор гүйлгээ хийхийг зөвшөөрнө” гэсэн заалт нэмэх шаардлагатай. Мөн Санхүүгийн зохицуулах хороо зохих зөвшөөрлүүдийг өгнө.

Мөн тус групп нэгэн хувийн сургуультай хамтран блокчэйн технологийг боловсролын салбарт хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлжээ. Ингэснээр оюутнууд сүлжээнд нэвтэрч дүнгээ засах, хуурамч диплом хийх ямар ч боломжгүй болох юм байна.

Эх сурвалж: http://news.gogo.mn/r/226018

Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай