Монголын хөрөнгийн биржээр 17 компани IPO хийж байсан түүхтэй. 18 дахь компани нь мэдээллийн технологийн салбараас хөрөнгийн зах зээлийн анхдагч тоглогч болж орж ирсэн “Айтүүлс” ХК байлаа. Хамгийн сүүлд 2016 оны нэгдүгээр сард “Монгол шуудан” ХК санал болгосон хувьцаанаасаа хоёр дахин их захиалга авч, нийт 382 иргэн, аж ахуй нэгж оролцож байсан бол, өнөөдөр /2017.11.10/ анхдагч арилжаа нь хаагдаж буй “Айтүүлс” ХК анхдагч саналаасаа гурав дахин их буюу бараг дөрвөн тэрбум төгрөгийн захиалга авснаар хөрөнгийн биржийн түүхэнд дээд амжилт тогтоолоо. Тодруулбал, 1074 иргэн, аж ахуй нэгж оролцож, 3.978.699.600 төгрөгийн захиалгатайгаар биржийн арилжааг хаажээ.
Анхны IPO мөнгөн дүнгээр ийнхүү рекорд тогтоосноос гадна хамгийн олон хүн оролцсон гэдгээрээ мөн биржийн анхдагч болоод байна. Дэлхийн хөрөнгийн зах зээлд хамгийн их ашиг өгдөг, өндөр үнэлгээтэй эхний 10 компанийн долоо нь IT салбарынх байдаг. Тэгвэл Монгол Улсад анх удаагаа мэдээллийн технологийн компани IPO хийсэн нь ийнхүү цойлсон амжилт үзүүлж, монголчууд дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн, ирээдүйг бодитоор үнэлж буйгаа харууллаа. Энэ талаар Бусад жижиг компаниудад “Айтүүлс” ХК-ийн жишээгээр шинэ төслийнхөө санхүүжилтийг хөрөнгийн биржээс босгох сонирхолыг өдөөж өгч байгаагаараа чухал ач холбогдолтой гэж эдийн засагчид дүгнэсэн. Үнэхээр ч мэдээллийн технологийн “Айтүүлс” ХК-ийн цаашдын үйл ажиллагаа нээлттэй, бидний нүдэн дээр өрнөх тул хувьцаа эзэмшигчид үйлдвэрлэл, уул уурхай эрхэлдэг компаниудаас илүү эрсдэлгүй, ирээдүйтэй гэж харсан биз.