Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэлТаны мэдээлэл хаанa хадгалагддаг гээч?

Таны мэдээлэл хаанa хадгалагддаг гээч?

Блог

Өнөөдөр бид цахим шуудангаа шалгаж, хариу илгээх, facebook – р хэн нэгэнтэй чатлах, хэн нэгэн рүү банкны application ашиглаж мөнгө шилжүүлэх, автобусанд карт уншуулж зорчих гээд үйлдэл бүрдээ датаг үүсгэдэг. Тэр ч байтугай бид машинаа бариад түгжрээд зогсож байхад хүртэл бидний тухай дата үүсэж байдаг. Тэгвэл бид чухам хэр хэмжээний датаг үүсгэж байдаг юм болоо?

Дэлхий нийтээр минутад 347,222 ширхэг story Instagram -д орж, 1.4 сая видео дуудлага зэрэг хийгдэж, 147’000 зураг facebook – д постлогдож, секунд тутамд 99,000 хайлт google дээр хийгдэж байна. Дэлхий дээр нэг хүн дунджаар секунд тутам ойролцоогоор 1.7 MB датаг бий болгож байдаг. Бид өнөөдөр дэлхий дээр үүссэн нийт датаны хэмжээг Zettabyte хэмээх хэмжээсээр хэмжих бөгөөд хамгийн ойрхон жишээгээр тайлбарлавал бидний ашиглаж буй гар утасны багтаамж ихэвчлэн Gigabyte хэмжээсээр хэмжигддэг. Тэгвэл 1 zettabyte нь НЭГ ИХ НАЯД gigabyte -тай тэнцдэг.

2018 онд дэлхий дээр нийт 33 zettabyte дата үүссэн байсан бол энэ тоо энэ онд 97 zettabyte болон нэмэгдэж ердөө гуравхан жилийн дараа буюу 2025 онд 181 zettabyte болж өснө хэмээн олон улсын судалгааны IDC, & Statista байгууллагаас гаргасан байна.

181 zettabyte.  Энэ тоог энгийнээр тайлбарлавал өнөөдөр хүн төрөлхтний ашиглаж байгаа дундаж сүлжээний хурдаар уг датаг татвал бидэнд ойролцоогоор 2 тэрбум жил шаардлагатай гэсэн үг.

Тэгвэл энэ их ДАТА чухам хаана хадгалагддаг вэ ?

2010 онд нийт датаны 60% хэрэглэгчдийн өөрсдийн хувийн төхөөрөмж дээр ( гар утас, таблет, компьютер гэх мэт ) хадгалагдаж байсан бол өнөөдөр нийт датаны гуравны нэг нь л хэрэглэгчдийн төхөөрөмжүүд дээр хадгалагдаж, харин үлдсэн хувь нь дэлхий нийтээр тархан байгуулагдсан ДАТА ТӨВҮҮД болон CLOUD үйлчилгээнүүд дээр хадгалагдаж байна. Судалгаагаар энэ тоо 2025 он гэхэд 80% болж өснө гэжээ.

Бидний сүүлийн үед ихээхэн сонсох болсон CLOUD үйлчилгээний суурь дэд бүтэц нь мөн л ДАТА ТӨВҮҮД дээр байрладаг. Тэгвэл бидний датаны ихэнх хувийг хадгалж байгаа ДАТА ТӨВ гэх зүйл чухам юу юм бэ ?  Товчхондоо ДАТА ТӨВ гэдэг нь их хэмжээний өгөгдөл мэдээллийг хадгалах, боловсруулах, түгээх зорилгоор бүтээсэн мэдээллийн технологийн тоног төхөөрөмжүүдийн уялдаа холбооны цогц шийдэл болон физик аюулгүй байдлыг дээд зэрэгт хангасан тусгай зориулалтын байгууламж юм.  Хэрэв та өмнө нь дата төвд зочилж үзээгүй бол энд дарж Microsoft company -н дата төвөөр виртуал хэлбэрээр зочилж, сонирхоорой.

 

Дэлхийн тэргүүлэх компаниудын дата төвийг сонирхуулахад үүлэн үйлчилгээний чиглэлд тэргүүлэгч  AWS дэлхийн 26 байрлалд нийт 84 дата төв, Microsoft Azure 60 байрлалд 116 Дата төв, Google Cloud Platform дэлхий даяар 34 байрлалд 103 дата төвтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа бол бидний өдөр тутамдаа хэрэглэдэг Facebook компани 18 байрлалд нийт 85  дата төвтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

2021 онд CloudScene байгууллагаас гаргасан тайланд дэлхий дээр нийт 110 орны 8’000 орчим дата төвүүд байгаагаас АНУ 2700 ( 33% ), Герман 487 ( 5.7% ) , Их Британи ( 5.5% ), Хятад 443 ( 5.2% ), Канад 328 ( 3.3% ) гэсэн улсууд эхний тавд дата төвийн тоогоор бичигдсэн байна.

Эндээс харахад дэлхий дээрх нийт Дата төвийн 33% АНУ -д байрлаж байгаа нь Google, Facebook, Uber, Twitter, Yelp зэрэг мэдээлэл их хэмжээгээр үүсгэж хадгалагддаг дэлхийн тэргүүлэх мэдээллийн технологийн компаниуд байрладагтай шууд холбоотой биз ээ.

Нийтлэлийг бичсэн:   Айтүүлс ХК-н Техникийн үйл ажиллагааны хэлтсийн менежер Ч. Гансүлд

Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай