Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэлХувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын урилга

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын урилга

Мэдээлэл

Айтүүлс ХК-ийн харилцагч, хамтран ажиллагчид, хувьцаа эзэмшигч Та бүхэнд Айтүүлс ХК-ийн 12 жилийн ойн баярын мэндийг хүргэн мэндчилье.

Та бидний хэвийн амьдрал дараа үед шилжин дижиталчлагдаж, юмсын интернэтийн хэрэглээ өсөн, хүмүүсийн зураг, өгөгдөл мэдээллийн хэмжээ нь гар утас, компьютерийн багтаамжаас хальж, клауд орчинд хувийн мэдээллийн орон зайг түрээслэн ашиглах хэрэгцээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна.

Бид энэхүү хэрэгцээ шаардлага, зах зээлийн тэлэлтийг угтан дата төвийнхөө зай талбай, дэд бүтэц, системийн хүчин чадлыг тасралтгүй өргөжүүлж, мэдээллийн аюулгүй байдлын нууцлал, бүрэн бүтэн, хүртээмжтэй байдлын хэрэгжилтийн хяналтыг компанийн нэгдсэн менежментийн тогтолцооны үйл явц, чанар, мэдээллийн аюулгүй байдлын зорилтын хэмжилт, удирдлагын дүн шинжилгээгээр хэрэгжүүлэх бодлогыг баримтлан үйл ажиллагаандаа Чанарын удирдлагын тогтолцооны ISO9001, Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO27001 стандартуудыг хэрэгжүүлэн, урт хугацааны тогтвортой үйл ажиллагааг хангуулахаар ажиллаж байна.

2022 онд бид бизнесийн үйл ажиллагаандаа (1) Нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлэх, (2) Харилцагчийн үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэх, (3) Санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг мөрдүүлэх, (4) Олон улсын дата төвийн TIER II стандартыг хангаж ажиллах зэрэг зорилгын хүрээнд мэргэжлийн компаниудаас нийт 61,27 сая төгрөгийн өртөг бүхий 4 төрлийн Зөвлөх үйлчилгээг авч ажиллалаа.

Дата төвийн үйл ажиллагааны хувьд олон улсын TIER II стандартад бүрэн нийцсэн, үйл ажиллагааны 7/24/365 горимоор 99.99%-ийн тасалдалгүй үзүүлэлттэй ажилласнаар, оны эцсийн байдлаар 12,616 хэрэглэгч веб байршуулах, сервер байршуулах, виртуал болон клауд сервер түрээслэх, и-мэйл, домэйн нэр, хамгаалалтын нийт 16,466 идэвхтэй үйлчилгээг авч байна.

Мөн 2022 онд дэд бүтцийн сайжруулалт, бүтээгдэхүүн үйлчилгээний шинэчлэлтэд зориулан нийт 535,96 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж 3,88 тэрбум төгрөгийн үйлчилгээний орлогыг цуглуулан, нийт 270,55 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.

Компанийн дунд хугацааны стратеги зорилтын хүрээнд Улаанбаатар болон Дархан хотуудад TIER III стандартыг хангасан дата төвийг байгуулан ашиглалтад оруулж, улс орны дотоодод төдийгүй олон улсын түвшинд үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр зорьж байгаа билээ.

Цаашид Айтүүлс компанийн хамт олон бид хувьцаа эзэмшигчид та бүхнийхээ итгэлийг улам бүр батжуулж, харилцан ашигтай түншлэл, хурдацтай өсөлттэй бизнесийг хамтдаа бүтээлцэхдээ итгэл төгс байгаагаа уламжилъя.

Хувьцаа эзэмшигч та бүхэн 2023 оны 04-р сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1-р хороо Реженси Резиденс 203 тоотод болох Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралдаа оролцон Айтүүлс компанийн 2022 оны санхүү болон үйл ажиллагааны тайлан, 2023 оны зорилго зорилтуудтай дэлгэрэнгүй танилцахыг урьж байна. 

 

Та бүхнийг хүндэтгэсэн,

Гүйцэтгэх захирал   Ч. Мөнхжаргал

Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай