Мэдээ мэдээлэл

НүүрМэдээ мэдээлэл“Айтүүлс” ХК – Гоёо Эф Си багийн үндсэн ивээн тэтгэгчээр ажиллаж байна.

“Айтүүлс” ХК – Гоёо Эф Си багийн үндсэн ивээн тэтгэгчээр ажиллаж байна.

Нийгмийн хариуцлага

Монголын хөл бөмбөгийн клубүүдийн хооронд тогтмол зохион байгуулагддаг өндөр зэрэглэлийн “Хүрхрээ” үндэсний дээд лигийн 2017 оны шинэ улирал 4-р сард эхэлсэн билээ. “Хүрхрээ” үндэсний дээд лиг нь Улсын хэмжээнд зохион байгуулагддаг тэмцээнүүдээс хамгийн өндөр шагналын сантайгаараа онцлог бөгөөд өмнөх улиралд 100 сая байсан бол энэ улиралд 120 сая болгон нэмжээ.

Шинэ улиралд нийт 10 багийн 200 гаруй мэргэжлийн тоглогчид оролцож байгаа бөгөөд дээд лигт энэ улиралд шинээр дэвшин орсон “Гоёо Эф Си” баг маш амжилттай тоглож 17 тойргийн дараах байдлаар 5 хожилтойгоор хүснэгтийн 6-р байранд явж байна. Саяхан болсон Азийн 23-аас доош насны шигшээ багуудын тэмцээнд Монголын шигшээ багийг төлөөлж оролцсон тус багийн хамгаалагч П.Энхбилэг, Т.Мөнхсүлд нар энэ улирлын тоглолтуудад үзүүлсэн гайхалтай гоолуудаараа “Хүрхрээ” үндэсний дээд лигийн “Шилдэг гоол”-ын шагналыг авах магадлал өндөр байна.

Гоёо Эф Си багийн үндсэн ивээн тэтгэгчээр онлайнд байршуулах дотоодын эх үүсвэр “Айтүүлс” ХК ажиллаж байна. Тус компани нь 2011 оноос эхлэн вэбсайтын домэйн нэр бүртгэх, бизнес и-мэйл нээх, вэб байршуулах үйлчилгээ болон физик сервер байршуулах, виртуал, физик сервер түрээслэх зэрэг 30 орчим нэрийн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлж байна. Монгол датаг Монголдоо аюулгүй, найдвартай байршуулахад мэдээллийн технологийн дэд бүтцээр хангадаг “Айтүүлс” ХК нь тасалдалгүй, хурдан үйлчилгээгээрээ Монголын програм хангамж үйлдвэрлэгчид болон бизнесийн байгууллагуудын найдвартай түнш юм. Тэд үйл ажиллагааны цар хүрээгээ зөвхөн Монголоор хязгаарлахгүйгээр олон улсын датаг монголдоо байршуулах зорилт тавин Дархан хотод Модуляр дата төвийн паркийг байгуулахад зориулан хувьцаа гаргахаар ажиллаж байна.

Гоёо Эф Си багийг товч танилцуулга:

Багийн эзэн: Б.Сайнхүү

Багийн тухай: Гоёо Эф Си клуб нь 2015 онд байгуулагдсан ба 2016 оны Монгол улсын “Хүрхрээ” 1-р лиг буюу 2-р дивизионд 18 тоглолтоос 16 хожиж, 1 тэнцэж, 1 хожигдож нийт 49 оноотойгоор илт давамгай түрүүлсэн гайхалтай амжилтаараа “Хүрхрээ” дээд лигт дэвшин орох болзолыг хангасан.

Багийн гишүүд: 3 хаалгач, 10 хамгаалагч, 7 хагас хамгаалагч, 7 довтлогч буюу нийт 27 тоглогчидтой. Багийн бүрэлдэхүүнд Япон улсаас хаалгач Такуми Томизава, хамгаалагч Масааки Ёкояма, хамгаалагч Тацуяа Сасэ, хагас хамгаалагч Жүүничи Озава гэсэн 4 легионер тамирчид тоглож байна.

Дасгалжуулагч: Багийн үндсэн дасгалжуулагчаар 2001 оны ДАШТ-ээс Монгол улсын түүхэн дэх анхны оноог авсан Монголын шигшээ багийн гишүүн байсан Г. Даваа-Очир, туслах дасгалжуулагчаар бидний сайн мэдэх Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн экс ахлагч Д. Лүмбэнгарав нар ажиллаж байна.

Гоёо Эф Си багийн дараагийн тоглолтуудыг очиж дэмжихийг хүсвэл:

8-р сарын 23-нд 19 цагаас Унаганууд

8-р сарын 26-нд 13 цагаас Улаанбаатар сити

9-р сарын 2-нд 13 цагаас Дэрэн

9-р сарын 17-нд 13 цагаас Атлетик 220

9-р сарын 23-нд 13 цагаас Эрчим багуудтай тус тус тоглоно.

Та энэ мэдээг бусадтай хуваалцаарай